Япон: Бакалавр, магистрын зэргийг таван жилийн дотор эзэмшүүлнэ
Японы Боловсролын сайд өнгөрөгч лхагва гарагт бакалавр, магистрыг хослуулсан таван жилийн хугацаатай их сургуулийн боловсролын хөтөлбөр санал болголоо. Энэ нь оюутнуудын нийт суралцах хугацааг богиносгох замаар ирээдүйд аль болох олон хүүхдэд дээд боловсрол эзэмшүүлэх зорилготой ажээ. Өөрөөр хэлбэл, Японд Монголын нэгэн адил бакалаврт дөрөв, магистрт хоёр жил сурдаг тул энэ хугацааг нэг жилээр богиносгохоор зорьж байгаа нь энэ юм. Энэ хөтөлбөрийг шинэ хичээлийн жил эхлэх 2026 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлэхээр төлөвлөж, холбогдох стандартуудыг боловсруулж байна. Энэ шинэ тогтолцоог нэвтрүүлэхийг хүссэн их сургуулиудад Боловсролын яамнаас зөвшөөрөл олгох юм. Таван жилийн дотор боловсролын хоёр зэрэг эзэмшүүлэхийн тулд их, дээд сургуулиуд оюутнуудад дөрвөн жилийн бакалаврын стандарт хөтөлбөрийг дүүргэсний дараа нэг жилийн дотор магистрын зэрэг авах, эсвэл бакалаврын хөтөлбөрт хамрагдах хугацаандаа дээд түвшний кредит сонгон судлах боломж олгох гэнэ. Боловсролын яам цаашид шинээр нэвтрүүлэх гэж буй тогтолцооныхоо эрэлт, хэрэгцээ, иргэдийн санал хүсэлтэд үндэслэн бакалаврын зэрэг авах хугацааг богиносгоход анхаарах ажээ. Одоогоор хос хөтөлбөрийг нэвтрүүлэхээ Токиогийн их сургууль зарлаад байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







